БОМСС Мэдээ #4, Сургалт зохион байгуулагдлаа.

3 May, 2022

БОМСС-ын сургалт зохион байгуулагдлаа

2021 онд GIZ SPACES төсөл ТХГНутагт зорчиж буй 1,316 аялагчдын дунд хийсэн Мэдлэг-Хандлага-Дадлын судалгаагаар тэдний 40 хүрэхгүй хувь нь ТХГН-ийн хамгаалалт, менежментийн тухай мэдэж байсан. Хамгийн бага буюу 28% нь ТХГН-т зочлохдоо юу хийж болох, болохгүй талаар мэдлэгтэй байв. Байгаль орчны мэдээллийн төвийг хариуцсан ТХГН-ийн сонгогдсон ажилтнуудын байгаль орчны ерөнхий мэдлэгийн оноо ердөө 34%-д хүрсэн бөгөөд судалгааны арга зүй, мөөг, экосистемийн үйлчилгээ, орон нутгийн байгаль орчин зэрэг асуудлуудыг огт ойлгоогүй байв.

2022 оны 4-р сард SPACES төслөөс Байгаль Орчны Мэдээлэл Сургалт Сурталчилгаа (БОМСС)-ны хоёр төрлийн сургалтыг хийсэн. Эхний 3 өдрийн сургалтаар ТХГН-ын мэргэжилтнүүд, ТББ, Яам, судалгааны шинжилгээний болон хандивлагч байгууллагуудын 50 гаруй оролцогчид Монгол улсад БОМСС-ны ажлыг сурталчлах,  дадлага хийж бүтээлч арга замуудын талаар ярилцаж, судалсан. Сургалт бүхэлдээ MOVE (Moderation and Visualization) буюу бүлгийн арга хэмжээнд зориулж Үзүүлэн Танилцуулга Чиглүүлэг (ҮТЧ) хийх гарын авлагын аргачлалын дагуу оролцоог хангасан, интерактив байдлаар хийгдсэн бөгөөд БОМСС-ны асуудлыг бүгдээрээ хэлэлцэж, хөгжөөнт тоглоом,  дасгал, дадлагын ажлуудыг багаар ажиллаа.

Сургалтын үр дүнд оролцогчид БОМСС-ны хэлбэр, сургалтын хэрэгцээ, хэрэгслүүдийн нийтлэг ойлголтод хүрч, GIZ SPACES төслөөс боловсруулсан БОМСС-ны ToolBox (Сургалтын арга зүй, материал, Дадлага Ажлуудын Багц – ДАБ) болон MOVE (ҮТЧ) гарын авлагуудын зорилго, бүтэц, агуулгын талаар ойлголттой болсон. Toolbox буюу ДАБ нь байгаль хамгаалагчид, ногоон сургуулиуд, эко клубүүд, ТББ-ууд сургалт, үйл ажиллагаандаа ашиглаж болохуйц БОМСС-ны тоглоом, дасгал, бусад материалуудын цуглуулга юм.  Түүнчлэн, Монгол экологи төв, Дэлхийн байгаль хамгаалах сан, Нүүдэлчдийн байгаль хамгаалал, МУИС-ын БО-ны боловсролын төв зэрэг байгууллагууд өсвөр үеийнхэнд чиглэсэн задгай талбайн төслийн долоо хоногууд, байгаль ба адал явдалт жим зэрэг өөрсдийн БОМСС-ны шилдэг аргуудаас танилцууллаа.

Энэхүү сургалтын үр дүнд оролцогчид “Ногоон Монголын Төлөө” фейсбүүк групп нээж, Цэнгэг усны төв, Экологийн цагдаагийн алба, UNDP Ensure төсөл, GIZ SPACES төсөл, ZSL, WWF, TNC, NNC, Хустай, Хомын тал ТХГН-уудаас бүрдсэн ажлын хэсэг хамтран бүх шатанд олон нийтэд хүрч ажиллах “Ногоон Монголын Төлөө” кампанит ажлыг үр дүнтэй зохион байгуулах талаар ярилцлаа. Кампанит ажлын гол зарчим нь БОМСС-ны бүх гол оролцогч талуудын хамтын ажиллагаа, солилцоо, нэгдсэн хүч байх юм.  Ингэснээр хамтын ажиллагаа өргөжиж, кампанит ажил өргөн хүрээг хамрах, зардлыг үр ашигтай байлгах ач холбогдолтой. Оролцогч талууд өөрсдийн хувь нэмрээ оруулж ажиллахаар боллоо.

Хоёр дахь сургалтаар ТХГН-ийн сургалт, мэдээллийн 30 гаруй мэргэжилтнүүдэд  зориулсан БОМСС-ны шилдэг туршлага, жишээнүүдийг тодорхойлж, OECD-DAC-ийн санал болгодог 10 алхамт арга барилд үндэслэн “Хойд”, “Говь”, “Баруун” гурвалсан бүсийн “виртуал” БОМСС-ны төлөвлөгөөг эхний байдлаар боловсруулсан.

Энэхүү нэг нэгнээсээ суралцах үйл ажиллагаагаар дамжуулан оролцогчид БОМСС-ны үндэсний стратегитай танилцан, мөн өөрсдийн орон нутгийн БОМСС-ны стратегийг боловсруулахад нь урамшуулан дэмжсэн юм.

Та бүхнийг эндээс холбогдох материалуудыг татан авч, өөрсдийн БОМСС-ны зорилгоор ашиглаж, өөрийн сошиал сувгуудаар дамжуулан түгээнэ гэдэгт найдаж байна.