Ойн түймрээс урьдчилан сэргийлэх видео бэлэн боллоо

Friday October 28th, 2022

GIZ SPACES төслийн бүрэлдэхүүн хэсэг НҮБ ХХААБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй STREAM төслөөс ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх богино хэмжээний анимейшныг хүргэж байна. Тус видео 3мин 37 сек хугацаанд ой хээрийн түймэр юунаас болж гардаг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сонирхолтой үйл явдлаар өгүүлжээ.

Монгол орны хэмжээнд ой хээрийн түймрийн их эрсдэлтэй үе нь хуурайшилтын улирал буюу 3-р сарын 20-ноос 6-р сарын 10, 9-р сарын 20-ноос 11-р сарын 10-ны хооронд тохиолддог. Ихэнх ой хээрийн түймэр нь хүний ​​буруутай үйлдлээс, тухайлбал унтраагаагүй түүдэг гал, дутуу орхисон тамхи, шилэн савыг санамсаргүйгээр хаяснаас үүдэлтэй байдаг. Ийм түймэр нь мод, ойн дагалдах баялаг, бэлчээр, ховордсон эмийн ургамлыг сүйтгэж, улс орны эдийн засаг, байгаль орчинд ихээхэн хохирол учруулдаг.

Энэхүү видеог Европын Холбоо, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-тай хамтран санхүүжүүлж, “Ногоон Монголын Төлөө” кампанит ажлын дэмжлэгтэйгээр олон нийтийн хүртээл болгож байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хүсэлтийг МҮОНРТ, EAGLE, TV8, NTV, Малчин телевизүүдийн оргил цагаар 11-р сарыг дуустал 5-аас доошгүй удаа цацах хүсэлт тавьсан байна.