12-р сарын 5-нд БОМСС-ны хамтрагч түншүүдийг оролцуулан Ногоон Байгалийн төлөө – Хамтаръя, Хуваалцъя, Хайрлая – уриа дор Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв (ЦУНБХТ)-д уулзалт өдөрлөг боллоо. Энэхүү өдөрлөг нь ЦУНБХТ-ийн арван жилийн ойг тохиолдуулан Ногоон Монголын Төлөө кампанит ажлын хүрээнд GIZ SPACES төслийн хамтарсан санхүүжилт болон өдөрлөгийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан юм. Уг уулзалт өдөрлөгийн гол зорилго нь цаашид хамтран ажиллахад зориулсан БОМСС-ны арга аргачлал, сургалт болон бүтээгдэхүүний талаар туршлага судлах, харилцан мэдээлэл солилцох байлаа. Нийт 15 байгууллагын 46 төлөөлөл өдөрлөгт оролцсон бөгөөд 2022 оны 4 болон 8-р саруудад Ногоон Монголын Төлөө кампанит ажлын хүрээнд хийгдсэн БОМСС-ны сургалттай харьцуулахад 4 байгууллага шинээр оролцсон байна.
БОМСС-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8 байгууллага өөрсдийн хэрэгжүүлдэг арга аргачлалууд, дадлага ажил, хөгжөөнт тоглоом болон богино хэмжээний видеогоор дамжуулан танилцуулгаа хийсэн юм. Тухайлбал, Экологийн Боловсролын Төвийн ахлах мэргэжилтэн Доктор Сүнжидмаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Дэлхийн түүхийн эрин үе” гэсэн асуулт хариултын дасгалыг оролцогчдоор тоглуулав. Мөн ЦУНБХТ-өөс хүүхэд багачуудад тоглуулдаг чихмэл амьтдыг таах тоглоом нь нэн ховордсон амьтадыг танин мэдэх, хамгаалалтад авахгүй бол яг л үлэг гүрвэл шиг устаж үгүй болох эрсдэлтэй гэдгийг ойлгуулсан үр дүнтэй тоглоом нь оролцогчдын анхаарлыг ихэд татлаа. SPACES төслийн зүгээс ой хээрийн түймэр болон тусгай хамгаалалттай газар нутагт зочлохдоо анхаарах зүйлсийн талаар харуулсан видеог танилцууллаа. Үүнээс гадна 2023 оны 1-р сараас 6-р сарын хооронд олон нийтэд хүрэх радио драмын эхний ангийн сонсогчид болсондоо оролцогчид сэтгэгдэл өндөр байв.
Луужин Амьтан Судлалын Нийгэмлэгээс Баянхонгор аймгийн эко клубийн хүүхдүүдийн бүтээсэн байгаль хамгааллын видеог толилуулсан бол Ханнс-Зайделийн сангаас ойн ашиглалтын хууль эрх зүйн орчны талаар хоёр видео хичээл хуваалцсан. Экологийн тэнцвэрт байдлыг хангахад чононы оруулах хувь нэмэр, ашиг тус хэчнээн чухал болохыг харуулсан Экологийн Цагдаагийн албанаас танилцуулсан видео нь оролцогчдын анхаарлыг ихээр татсан тухайн өдрийн онцлох хэсгүүдийн нэг байлаа.
Оролцогчид мөн өөрсдийн эрхлэн гаргасан БОМСС-ны гарын авлага, товхимол, сургалтын аргачлал гэх мэт материалуудыг нийтэд танилцуулсан. Завсарлагааны үеэр нэмэлт танилцуулга видео болон бусад материалуудыг танилцуулж оролцогчдод харилцан ярилцах, танилын хүрээгээ тэлэх боломж гаргасан нь БОМСС-ны чиглэлээр хэн ямар ажил хийж байгаа, хэрхэн хамтарч ажиллаж олон нийтэд үр дүнтэй ажлуудаар хүрэх талаар ярилцсан нэн чухал хэсэг болсон юм.
Зохион байгуулагчид (ЦУНБХТ, SPACES) болон төрийн байгууллагын төлөөллүүдээс (БОАЖЯ, Экологийн цагдаагийн алба) гадна байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-уудын төлөөлөл (ХТБХ, Чулуут Тул, ЛАСН), Хустай, Хан Хэнтий, Горхи Тэрэлж гэх мэт тусгай хамгаалалттай газрын мэргэжилтнүүд, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөл (НҮБ – МУБХТХ төсөл, КОЙКА – Ногоон Ази сүлжээ, НҮБ-ын ХХААБ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Тогтвортой ландшафт ба биологийн олон янз байдлыг хамгаалах төсөл), МУИС-ийн Экологийн боловсролын төв болон Монгол Улсын Засгийн газар, Оюутолгойн уурхайн компанитай хамтран хэрэгжүүлж буй “Гүнээсээ Хайрлая” аяны төлөөллүүд зэрэг олон оролцогч талууд хамтран энэхүү өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Ногоон Ази сүлжээ, “Гүнээсээ Хайрлая” аян, байгаль орчны ТББ-уудын шүхэр байгууллага МБОИЗ-ийн төлөөллүүд “Ногоон Монголын Төлөө” аянд нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийлж цаашил хамтран ажиллахаар боллоо.