Хан Хэнтийн УТХГ-ын захиргаанаас 2023 оны 3 дугаар сараас эхлэн хөрш зэргэлдээ сумдын дунд хог хаягдлын менежментийн аян болон хоггүй цэвэр орчин бүрдүүлэх уралдааныг эхлүүлээд байна. Гол зорилго нь байгаль орчныг хог хаягдалгүй, цэвэр цэмцгэр болгохын төлөө санаачилгад иргэдийг хамруулж, хамтран ажиллах явдал юм. “Нэг шил нэг зайрмаг” аян нь дахин боловсруулалтад оруулахаар авчирсан шилэн лонх бүрд нэг зайрмаг өгөх урамшуулалттай хүүхдүүдэд чиглэн явагдаж байна. “Хоггүй цэвэр хот айл” уриан дор зохион байгуулж буй энэхүү уралдаан нь байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийг ахуйн хог хаягдлаа ангилан ялгаж, тогтоосон газарт нь хаяхыг уриалах зорилготой. Энэхүү санаачилгыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам дэмжиж, Хан Хэнтийн УТХГ-ын бүсэд жуулчдыг хүлээн авах эрүүл, цэвэр орчныг бүрдүүлэх зорилготой юм.
Мөн 3-р сарын 22нд болдог Дэлхийн усны өдөртэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд “УСАА ХАЙРЛАЯ” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулсан. Уг уралдааны зорилго нь байгаль эх дэлхийгээ хайрлах, хүүхэд багачуудад цэнгэг усны ач холбогдлыг ойлгуулах, зөв зан үйлд сургахад чиглэсэн бөгөөд уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдэд орон нутгийн захиргаа болон хамтрагч түнш байгууллагын дэмжлэгтэйгээр шагнал гардууллаа.