2023 оны 4-р сарын 19-ний өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд байгаль орчны гэрэл зургийн уралдааны шагнал гардуулах ёслол боллоо. SPACES төслийн удирдагч Др. Михаэл Трокенбродт уралдааны зорилгын талаар товч танилцуулсны дараагаар шагналт байранд орсон оролцогчдод баяр хүргэн шагнал гардуулав.
Эхний байранд Х. Очбилэг Бэлчиж буй морьд гэсэн зургаар шалгаран 1 сая 500 мянган төгрөгийн бэлгийн картын эзэн болжээ. Шагналт байруудад Д. Адъяа, О. Соронзонболд, Г. Ууганбаяр нар шалгаран тус бүр 500 мянган төгрөгийн бэлгийн картаар шагнуулсан байна. Уур амьсгалын өөрчлөлт ба түүний нөлөөлөл гэсэн ангилалд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд авсан Тавдугаар сарын цас нэртэй гэрэл зураг шалгарсан бол байгалийн үзэсгэлэн төрөлд Нууцлаг Мануулын зураг шагналт байруудыг эзэлсэн байна. Байгаль орчны доройтол ангилалд харин Устаж буй байгаль нэртэй гэрэл зураг шалгарчээ.
SPACES төслөөс “Ногоон Монголын Төлөө” кампанит ажлын хүрээнд байгаль орчны сэдэвт гэрэл зургийн уралдааныг зохион байгуулсан. Уралдаанд нийт 100 гаруй гэрэл зураг оролцогчдоос ирсэн бөгөөд шүүгчдийн баг байгалийн үзэсгэлэн, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, байгалиа хамгаалах гэсэн ангиллын дагуу зургийн техникийн болон уран сайхны чанар, илэрхийлэл, утга санааг үнэлэн шагналт байруудыг тодруулжээ.
Уралдааны шилдэг гэрэл зургууд нь явуулын үзэсгэлэн хэлбэрээр олон нийтэд танилцуулагдах бөгөөд энэ нь байгаль орчныг хамгаалахад олон нийтийн сонирхол болон оролцоог нэмэгдүүлж, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байгалийн нөөц хэрхэн доройтож байгаа, мөн уг аюулаас сэргийлэхийн тулд бидний оролцоо идэвх чармайлт нь байгаль орчныг хамгаалахад хэрхэн тусалж болох талаар ойлголтыг нэмэгдүүлэх юм.
Шагнал гардуулах ёслолыг нь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд хүүхэд залуучуудад ажил мэргэшлийн талаар ойлголт өгөх өдөрлөгийн дундуур болсон бөгөөд байгаль орчны чиглэлээр суралцаж ажиллах сонирхолтой 10-12 ангийн 80 орчим сурагчид оролцсон байна.
SPACES төслийн удирдагч төслийн гол зорилго болон бүрэлдэхүүн хэсгүүдийг товч танилцуулснаас гадна төслийн мэргэжилтнүүд Ногоон Монголын Төлөө кампанит ажлыг танилцуулан уг ажлын хүрээнд бүтээгдсэн веб хуудас болон радио жүжгийн хэсгээс сурагчдад толилууллаа. Дараагаар SPACES төслийн залуу ажилтан Батзориг олон улсын байгаль орчны төсөлд ажиллаж байгаа өөрийн туршлагаасаа хуваалцсан. Төгсгөлд нь хүүхэд залуучууд маань уралдааны шилдэг бүтээлүүдтэй танилцан хамгийн анхны үзэгчид болсон.