БЭЛЧЭЭР – МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫГ ДЭМЖИХ ТОГТОЛЦОО АГШСААР

21 April, 2023

Ямаатын Хөндийн Хар ба Шунал” радио жүжгийн дүрүүд болох Ёндон, Ганаа, Гарид нар зөвхөн санаа зовоод ярьж байгаа биш, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь мэргэжилтнүүд, олны танил эрхмүүд, мөн малчдын төлөөллийг урин өөрсдийн “Агшиж Буй Монгол” олон нийтийн санаачилгын хүрээнд “Selfie Talk” нэвтрүүлэг хийн бэлчээрийн доройтлын бодит шалтгаан бид юу хийх хэрэгтэй талаар ярилцжээ.

“Бэлчээрийн асуудлыг өөрт чинь хамаагүй зүйл гэж битгий хойш суугаарай… Таныг анхаарал хандуулахгүй өнгөрч буй хором бүрд бидний газар нутаг цөл болж, өдрөөс өдөрт агшсаар байна. Бидний амьсгалах агаар, идэх хоол хүнс, өдөр тутмын хэрэглээ, эрүүл аж төрөхтэй салшгүй холбоотой бэлчээр нутгаа хайрлан хамгаалж үлдэхийн төлөө та #АгшижБуйМонгол аянд нэгдээрэй”. Хэмээн уг аянаас олон нийтийг уриалж байна.  Бэлчээрийн доройтолд нөлөөлж буй олон хүчин зүйл байдгийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс шалтгаалж байгааг судлаачид тогтоож, 20 гаруй жилийн өмнөөс эрх зүйн зохицуулалтыг ярьж эхэлсэн. Харамсалтай нь төрөөс ямар нэгэн арга хэмжээ авахгүй, малын тоо тэр дундаа ямааны тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. 

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улсын мал сүргийн тоо 1990 онд 24.7 сая орчим байсан бол 2019 онд 71 сая орчим толгой байсан. Үүний зэрэгцээ “1000 малчин” гэсэн тогтворгүй шагнал урамшуулал давамгайлсан хэвээр байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бэлчээрийн доройтол улам хурдасч даац хэтэрсэн нь Монголын 21 аймгийн 20-д нь оршин сууж буй 160,000 орчим нүүдэлчин өрх болоод Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 75 орчим хувьд сөргөөр нөлөөлж байна.

Бэлчээр бол малчдын төдийгүй нийт Монгол Улсын амьдралын эх булаг учраас ард иргэд өөрсдөө санаачилга гарган ажиллаж байна. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны “Green Mongolia” веб сайтаас Хариуцлагатай нүүдэлчин стандарт, Бэлчээрийн тогтвортой менежмент гэх мэт маш олон хэрэгцээт тайлан мэдээллийг авч болох юм. Мөн Ихтамир суманд шинжлэх ухааны үндэслэлтэй мал аж ахуйн салбарыг хөгжүүлж буй ажил нь өвс тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ малын ашиг шимийг дээшлүүлэх, малын тоо толгойг байгалийн бэлчээрийн даацад тохируулах талаар малчид, мал аж ахуйн нэгжүүдэд сургалт, зөвлөгөө өгөхөд анхаарч байна. “Ямаатын Хөндийн Хар ба Шунал” радио жүжгийн хүрээнд мөн зөвлөсний дагуу мал сүргийн тоог бууруулах нэг хэлбэр нь ихэвчлэн махны зориулалтаар борлуулах замаар хийгддэг.