Тусгай хамгаалалттай газар нутагт зориулсан БОМСС-ын туршилтын төслүүд

SPACES төсөл нь УТХГН-ийн захиргаатай хамтран БОМСС-ын чиглэлд тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлж болохуйц төслүүдийг 2022 болон 2023 онд анхан шатны байдлаар хэрэгжүүллээ.

Байгаль орчны асуудал, экосистемийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх мөн орон нутагт хэрхэн байгаль хамгаалах үйл ажиллагааг сурталчлах талаар практик туршлагыг суулгах зорилгоор 2022 онд суурь түвшний таван туршилтын арга хэмжээг санал болгож, боловсруулсан. Түүнчлэн хүүхэд залуучуудад байгалиа хайрлаж хэрхэн зэрлэг ан амьтадтай зохистой харьцах дадлыг төлөвшүүлэх, сурталчлах зорилготой үйл ажиллагаанууд юм. Хамтрагчдын хэлэлцүүлгээс үзэхэд энэ нь орон нутгийн түвшинд БОМСС-ын өндөр үр дүнтэй арга гэж үзэж байна. Туршилтын таван төслийн санал боловсруулснаас гурвыг нь 2022 болон 2023 онд хэрэгжүүлэхээр сонгосон.

Анхны туршилтын арга хэмжээг Хар-Ус нуур, Мөнххайрхан, Мянган-Угалзатын БЦГ-ын бүс нутагт хэрэгжүүлэхээр сонгосон бөгөөд автомат зэрлэг ан амьтдыг хянах зорилгоор камер суурилуулах, видео янзлах, мөн гадаа талбайд хүүхэд залуучуудад байгаль орчны мэдлэг олгох аргачлалууд дээр төвлөрч байна.

Хоёр дахь туршилтын төсөл нь 2023 оны 5-р сард Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар хэрэгжсэн залуучуудад зориулсан 5 өдрийн сургалт юм. Энэхүү арга хэмжээ нь 2022 онд боловсруулагдсан экосистемийг таньж мэдэх өртөөчилсөн байгалийн замын төслийн анхны туршилт бөгөөд Хан Хэнтийн байгалийн цогцолбор газар болох Хангал нуурт уг сургалтыг Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчид, мэдээллийн төвийн ажилтнууд удирдан явуулав. Энэхүү арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд 2022/23 оны өвөл хэд хэдэн сургалт, байгалийн зам гаргах ажлууд хийгдсэн бөгөөд, МУИС-ийн Экологийн боловсролын төвийн Сүнжидмаа багштай хамтран сургалтын хөтөлбөр боловсруулсан. Гадаа талбайд зохион байгуулагдах сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг (нарийвчилсан хөтөлбөр, гэрэл зургийн баримт бичиг) тус арга хэмжээний тухай товч тайлангаас авах боломжтой.

Гурав дахь туршилтын арга хэмжээ нь 2023 оны 5-р сард Горхи-Тэрэлж, Хан Хэнтийн ТХГН-ын байгаль хамгаалагчид болон морин хөтөч нарын дунд аяллын туршид мэдээлэл сурталчилгаа хэрхэн өгөх талаар 4 өдрийн турш Хагийн Хар нуурын морин аялал байлаа. TЗорилго нь хамтарч Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт морин аяллын байгаль орчинд үзүүлэх нөлөөг судлах, ирээдүйн хамтын ажиллагааны боломжууд болон морин хөтчийн холбоодтой санамж бичиг байгуулах эхний алхмуудыг хийх явдал байв. Аяллын дараа хөтөч нарын нэг нь өөрийн Фейсбүүк хуудсаар уг нийтлэлийг хуваалцжээ: “Хан Хэнтийн УТХГ Хагийн хар нуурын аялал хийдэг аяллын компани хөтөч Ар Туул нөхөрлөлийн залуус мөн Батсүмбэрын хөтөч нар УТХГ-газарын Байгаль хамгаалагч нартай хамт Хагийн хар нуур яваад ирлээ. Хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ажил бол ОО-ын асуудал болон хог хаягдал байна. Самарчидын орхиж явсан хог отог эхэл байна. Бид бүгдийг цэвэрлэж буулгаж авчирлаа шүү. Ийм муухай хүмүүсээ яах вэ? Мөн өөр аялал хийж байгаа аялагч нар хогоо авч яваж байгаарай. Байгалиа хайрлаж хамгаалах хэрэгтэй шүү…