2022 оны 4-р сард зохион байгуулагдсан GIZ SPACES төслийн БОМСС (Байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгаа)-ны сургалтаас “Ногоон Монголын Төлөө” санаачилга анх гарсан юм.
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд орхигдсон энэхүү сургалтын сэдэв нь байгаль орчны салбарын гол асуудлыг хөндсөнөөр оролцогчдын сэтгэлийг хөдөлгөж санаачилгыг дэмжиж ажиллахаар болсон. Тус сургалтад төрийн, төрийн бус байгууллага, хандивлагч, судалгааны байгууллагууд болон сонгогдсон тусгай хамгаалалтын захиргааны удирдлагуудаас бүрдсэн 25 гаруй оролцогчид хамрагдлаа. Оролцогч талууд БОМСС (Байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгаа)-ны хүрээнд бэлтгэгдсэн мэдээ, гарын авлагыг олон нийтэд нөлөө үзүүлэхүйц болгоход аль нэг төсөл эсвэл дан ганц байгууллага бие даан хэрэгжүүлэх боломжгүй гэдэгт санал нэгдсэн юм.
Энэхүү “Ногоон Монголын Төлөө” кампанит ажлын санаачилга анх Facebook Group үүсгэн эхэлж байсан бол ийнхүү вэбсайт болон өргөжөөд байна.
Кампанит ажлын түншлэл нь талуудын эрх тэгш, хамтын хариуцлагатай оролцоонд суурилах бөгөөд оролцогч талууд өөрсдийн сувгаар дамжуулан байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгааг түгээх юм.
GIZ SPACES төслөөс “Ногоон Монголын Төлөө” санаачилгад нэгдсэн оролцогч талууд өөрсдийн бэлтгэсэн мэдээллийг энэхүү вэбсайтаар дамжуулан түгээх эхний алхмыг дэмжин ажиллаж байна.