Удирдамж

GIZ SPACES төслөөс боловсруулсан Сургалтын арга зүй, материал, дадлага ажлуудын багц (ДАБ), Бүлгийн арга хэмжээнд зориулж үзүүлэн танилцуулга чиглүүлэг хийх (MOVE) гарын авлагуудыг хэрхэн үр бүтээлтэй, оновчтой ашиглах тухай Сургагч багш бэлтгэх удирдамжаас мэдэх боломжтой. Сургагч багш бэлтгэх удирдамжийг ашиглан “Ногоон Монголын Төлөө” санаачилгын түншүүдэд оролцоог хангасан, шинэ БОМСС-ын арга туршлагаас танилцуулсан 5 өдрийн богино хугацааны сургалт хийсэн. Энэхүү удирдамж нь дараах 6 модуль сургалттай.

  1. БОМСС-ны танилцуулга
  2. Байгаль орчны өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулах
  3. Багийн бэлтгэл
  4. Хэрэгслүүд
  5. Сценари боловсруулах
  6. Сургалт үнэлгээ ба эргэх холбоо

Төслийн хүрээнд залуучуудад зориулсан экологийн боловсрол олгох хөтөлбөр боловсруулсан. Гадаа талбайд зохион байгуулдаг 5 цуврал семинараас бүрдэх хөтөлбөр нь сургуулийн анги хамт олон, залуу байгаль хамгаалагчдад зориулсан БОМСС-ны туршлага олгох зорилготой юм. Хөгжилтэй аргаар туршилт хийнгээ суралцах эдгээр нь биологийн ном уншиж танилцан суралцахаас илүү үр дүнтэй байдаг.

Энэхүү сургалтын хөтөлбөрт  байгалийн олон янз байдлыг хамгаалах, эх орныхоо байгаль орчныг сайжруулахад хувь нэмэр оруулах, ТХГН-ын талаарх хэд хэдэн сэдвүүдийг тусгасан. Тухайлбал, хог хаягдлын менежмент боловсруулах, жим хэрхэн тэмдэглэж, тэмдэг тавих, жижиг суурин (урц/овоохой) барих, хөрс элэгдэлтийг хэмжиж тодорхойлох, байгалийн нөөцийг дахин сэргээх талбайг хашаажуулах, мод тарих гэх мэт үйл ажиллагаатай.

Орон нутаг болон дэлхийн хэмжээнд хог хаягдал, бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, ургамал, амьтны олон янз байдал, хөрс хамгаалал, усан сан бүхий газрын менежмент, мод тарих, бэлчээрийн нөхөн сэргээлт зэрэг байгаль орчны сэдвээр илтгэл, видео бичлэгээр дамжуулсан онолыг практиктай хослуулан сургалтыг зохион байгуулах боломжтой.

Төслийн зүгээс хүүхэд залуучуудад зориулсан дараагийн сургалт нь Хан Хэнтий ТХ Газарт тулгуурласан байгалийн өртөөчилсөн сургалт юм. Энэхүү БОМСС-ыг таниулах сургалтад 12 наснаас дээш эко клуб болон сургуулийн хүүхдүүд анги хамт олноороо зуны зусланд амрангаа хамрагддаг. Монгол, Герман хэл дээр бэлтгэсэн сургалтын хөтөлбөрт 8 өдрийн турш зочлох нийт 53 өртөөг багтаасан. Энэхүү 8 өдрийн сургалтаар

  1. Танилцах өдөр
  2. Залуу судлаачдын өдөр
  3. Ойн өртөөнүүд
  4. Хангал нуурын өртөө
  5. Туршилтын өдөр
  6. Адал явдалт өдөр
  7. Уламжлалт ахуй, соёл
  8. Дурсамж ба дүгнэлт гэсэн өдрүүдийг хамтдаа өнгөрүүлдэг байна.

Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар дахь Хангал нуурын орчимд байгаль орчны боловсрол олгох болон байгальтай танилцах замтай холбоотой ижил удирдамж мөн гарсан. Уг зам нь 4 км-ийн урттай төлөвлөгдсөн бөгөөд биологийн олон төрөл зүйл, ой мод, ус, чулуу, нуурын экосистем, хүний сөрөг ​​үйл ажиллагаагаас учирч болох аюулыг харуулсан есөн өртөөтэй 1.5-4 цагийн дотор танилцах боломжтой. Зорилго нь орон нутгийн экосистемийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, сурагчид болон аялж буй гэр бүлүүдэд байгаль хамгаалах сэдлийг нэмэгдүүлэх юм.

Сургалтын гол зорилго нь орон нутгийн экосистем, байгаль орчныг хамгаалах, нутгийн түүх, соёл, мөн хог хаягдлын менежментийн практик туршлага гэх мэт зүйлсэд чиглэнэ. Хэнтий болон төвийн аймгуудын ойр орчмын сумд, Улаанбаатар хотын хүүхдүүд нь гол зорилтот бүлэг бөгөөд нэг удаад 30-40 хүүхэд хамрагдах боломжтой. Уг сургалтын өртөөнүүд нь дээр дурдагдсан цогц сургалтын хөтөлбөрүүдтэй уялдан холбогдох юм.