GIZ SPACES төсөл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТХНУГ-тай хамтран дараах видеог бүтээсэн байна.
Европын Холбооны санхүүжилттэйгээр хэрэгжиж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM)” төслийн Ойн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд ойн тогтвортой менежментийн сайн туршлагыг таниулах зорилгоор хоёр анимейшн бүтээсэн. Уг бүтээлд гарах дүрүүд нь Ногоон Монголын Төлөө кампанит ажлын хүрээнд хийгдсэн радио жүжгийн дүрүүдээс бүтсэн бөгөөд Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх болон Ойн арчилгаа хийх тухай мэдээлэл өгсөн сонирхолтой бүтээл болжээ. Мөн уг анимейшн нь комик хэлбэрээр олон нийтэд хүрлээ (Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ба Ойн арчилгаа). Уг төсөл нь SPACES төслийн 5-р бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ойн нөөцийн тогтвортой менежмент, биологийн олон янз байдлыг хэвээр хадгалах чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлж байна.
SPACES төсөл нь БОАЖ яамтай хамтран Байгаль аппликэйшнийг гаргасан. Хэрэглэгчид нь уг аппликэйшнээр дамжуулан Монгол улс дахь 3000 гаруй ховордсон амьтан болон ургамлын талаар мэдээлэл авах боломжтой. Мөн хэрэглэгчид өөрсдийн авсан ургамал болон амьтадын зургийг оруулан нэмэлт танин мэдэхүйн мэдээлэл авах боломжтой. Монголын биологийн олон янз байдлыг илтгэх уг аппликэйшн болон веб сайт нь аялал жуулчлалын салбарын маркетингийн чухал хэрэгсэл болохоос гадна олон нийтэд байгаль орчны боловсрол олгох ач холбогдолтой юм.
Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ-ын бүтээсэн “Ногоон хөгжлийн бодлого Монголд”, “Байгаль орчноо хамгаалах Чингис хааны тэмцэл” зэрэг богино хэмжээний видеонууд олон нийтийн оролцоотой байгаль орчноо хамгаалахад уриалан дуудсан агуулгатай байна. Түүнчлэн Эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн эрхийн баталгаат байдал (ЭГЭЭББ) төслийн хүрээнд малчид хот, хөдөөгийн хоорон хэрхэн хуваагдаж байгаа, уламжлалт мал аж ахуйгаа үлдээх гэж хичээж байгаа малчдын тухай цуврал блог бичиж нийтлүүлдэг байна.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд салбараас булгийн эхийг хамгаалан сэргээх, бөхөнгийн төлийн судалгаа, эко клубын зуны зуслангийн тухай болон малчидтай хийсэн ярилцлага зэрэг сонирхолтой видео бичлэгүүд хийдэг.
Ханнс Зайделийн сан Экологийн боловсролын төвтэй хамтран хүүхэд залуучуудад зориулсан байгаль орчны тухай хуулийг таниулах видео цуврал эхлүүлжээ. Энэхүү цувралд экологийн боловсрол төвийн сургалтын төвүүдтэй танилцахаас гадна байгаль орчныг сүйтгэж буй гэмт хэргийг хэрхэн мэдээллэх тухай Экологийн цагдаагийн газрын мэргэжилтнүүд эрх зүйн тухай энгийн мэдээлэл өгдөг байна. Подкаст хэв маягаар хийгддэг эдгээр цувралд хулгайн ан, ой хээрийн түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай дурьддаг. Түүнчлэн өөрсдийн Facebook хуудсаар дамжуулан хүүхэд залуучуудад хүргэдэг байна.
Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл болон Ханс Зайделийн Сан хамтран усны ач холбогдол, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн талаар бид юу хийж чадах талаар мэргэжилтнүүд ярилцаж, олон нийтэд сурталчлах богино хэмжээний цуврал видео бүтээжээ. Экологийн цагдаа алба нь байгаль орчны хууль тогтоомж, ан амьтан, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр олон видео, зурагт хуудас, комикс болон бусад хэвлэл мэдээллийн олон материалыг өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан хүргэж байгаа бас нэгэн байгууллага юм.
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) нь тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдад зориулж хэд хэдэн видео хичээл бэлтгэсэн бөгөөд ингэснээр тэд СМАРТ аппликейшин хэрхэн ашиглах, эргүүлийн төлөвлөлтийг хэрхэн боловсруулах, хүрээлэн буй орчны гэмт хэрэг гэж юу вэ, хулгайн ан, сэг зэм таних, зургаар бэхжүүлэх зэрэг сэдвүүдийн талаар суралцах боломжтой юм.
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс хүүхдүүд болон эко клубүүдэд чиглэсэн хог хаягдлын менежментийн талаар маш сонирхолтой видеог бүтээжээ.