СУРГАЛТЫН МАТЕРИАЛ

Нүүдлийн байгаль хамгаалал ТББ нь ТХГН-т болон түүний ойр орчмын нутгийн иргэд болон олон нийтэд “Нүүдлийн хайрцаг-Эрдэнэсийн авдар”-аар дамжуулан байгалийн шинжлэх ухаан, байгаль хамгаалалын чиглэлээр боловсрол олгодог. Энэхүү зөөврийн эрдэнэсийн авдар нь бүтээлч, оролцоог хангасан сургалтын орчинг бүрдүүлдэг. Уг хайрцагт тоглоомон хүүхэлдэй, зурагт хуудас, газрын зураг, зэрлэг ан амьтдын мөр, тухайн бүс нутагт хамгаалах шаардлагатай амьтдын дүрс бүхий номнууд багтсан байна.  Энэ чиглэлээр сургагч багш бэлтгэх 2-3 хоногийн сургалтын хөтөлбөртэй бөгөөд экологийн багш нар, аймаг орон нутгийн холбогдох мэргэжилтнүүд, ТББ-ынхан хамрагдаж байна. Нэг удаагийн сургалтанд 25-30 орчим багш, мэргэжилтэн хамрагдах боломжтой.

МУИС-ийн Экологийн боловсролын төвөөс Улаанбаатар хот болон орон нутгийн хүүхэд залууст тэдний өдөр тутмын хийдэг зуршил, дадал нь байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг ойлгуулах практик хичээлүүдийг ордог. Экологийн боловсролын төв нь экологи, амьтан судлалын жижиг музей, байгалийн туршлага судлах цэцэрлэг, олон талт сургалт, судалгааны хүлэмжтэй. Бүх насны хүүхэд залуучуудад зориулсан хөтөчтэй өртөөчилсөн аялал болон бусад хөтөлбөрүүд нь мэдлэг олгохоос гадна, тэдний хандлагыг өөрчилж, залууст тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг олгох зорилготой юм. Мөн тус төв нь багш нар, төрийн болон төрийн бус байгууллагуудад байгаль орчны чиглэлээр сургалт явуулж, телевизийн нэвтрүүлэг бэлтгэн гаргадаг туршлагатай.