Амьжиргааны үндэс болсон бэлчээр нутаг эрс доройтож байна.

“Ямаатын хөндийн хайр ба шунал” олон ангит радио драмын дүрүүд болох Ёндон, Ганаа, Гарьд, нутгийн малчдын нэгэн адил бүгд л бэлчээрийн доройтолд санаа зовцгоож байна. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо (МБАНХ) өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан бэлчээрийн доройтлын бодит шалтгааны талаар ярилцахаар энэ чиглэлийн мэргэжилтнүүд, жүжигчид, олны танил хүмүүс болон малчдыг урьжээ.
“Бэлчээрийн асуудлыг өөрт чинь хамаагүй зүйл гэж битгий хойш тавиарай... Таны анхааралгүй өнгөрөх хором мөч бүрт газар нутаг маань элсэн цөл болж, өдрөөс өдөрт агшиж байна. Амьсгалах агаар, идэж буй хоол хүнс, өдөр тутмын хэрэглээ, эрүүл аж амьдралтай салшгүй холбоотой бэлчээрийг хайрлан хамгаалахын тулд #Агшиж буй аянд нэгдээрэй” хэмээн нэгэн малчин тус бичлэгт өгүүлжээ. Бэлчээрийн доройтолд нөлөөлж буй олон хүчин зүйл байгааг судлаачид тодорхойлж, 20 гаруй жилийн өмнөөс эрх зүйн зохицуулалтын талаар ярьж эхэлсэн. Харамсалтай нь төрөөс дорвитой арга хэмжээ авахгүй л байна. Энэ хооронд малын, тэр дундаа ямааны тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол улсын мал сүргийн тоо 1990 онд 24,7 сая орчим байсан бол 2019 онд 71 саяд хүрчээ. Үүний зэрэгцээ “1000т малчин” гэсэн бизнес загвар малчдын дунд авамгайлсан хэвээр байна.. Түүнчлэн нийт нутаг дэвсгэрийн 75 орчим хувьд амьдарч буй 160 мянган нүүдэлчин малчин өрх уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа нь байдлыг улам даамжруулж байна.
Бэлчээр бол малчдын төдийгүй нийт Монгол улсын амьжиргааны эх үндэс гэж хэлж болох бүрэн үндэстэй учир малчид өөрсдөө санаачилга гарган ажиллаж эхэллээ. МБАНХ-ны “Ногоон Монгол” вэб сайтаас Хариуцлагатай малчид буюу дасан зохицох чадварт суурилсан бэлчээрийн менежментийн талаарх тайлангуудыг үзэж болно. Энэ хүрээнд өвс тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ малын ашиг шимийг дээшлүүлэх, малын тоо толгойг байгалийн бэлчээрийн даацад тохируулах талаар малчид, мал аж ахуйн нэгжүүдэд сургалт, зөвлөгөө өгөхөд анхаарч ажиллаж байна. “Ямаатын хөндийн хайр ба шунал” радио жүжигт гардагчлан малаас авах ашиг шимээ сайжруулж, бэлчээрт ээлтэй менежмент явуулахын тулд махны зориулалтаар бага малыг эргэлтэд оруулах гэх мэт арга хэмжээг авч эхлээд байна.

Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...