БОМСС-ны туршлага судлах арга хэмжээ ЦУБХТ дээр зохион байгуулагдлаа.

“Ногоон Монголын төлөө хайрлая, хуваалъя, хамтаръя” – сэдэвт арга хэмжээ Цэнгэг ус, байгаль хамгаалах төв (ЦУБХТ) дээр 2022 оны 12-р сарын 5-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд БОМСС-ын хүрээнд хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөлүүд идэвхитэй оролцлоо. Тус арга хэмжээг ЦУБХТ-ийхөн 10 жилийн ойгоо тохиолдуулан Ногоон Монголын төлөө кампанит ажлын хүрээнд GIZ SPACES төслөөс хамтран санхүүжүүлж зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь БОМСС-ны талаар харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх явдал байв. Уг арга хэмжээнд 15 байгууллагыг төлөөлж нийт 46 хүн оролцлоо. Энэ удаа 4 байгууллага НМТ кампанит ажилд албан ёсоор нэгдэн орлоо.
БОМСС-ны арга хэмжээгээ хэрхэн оролцоог хангасан, хөгжөөнт аргаар явуулдаг талаар байгууллагууд үзүүлэн тоглолт бэлтгэн танилцууллаа. Тухайлбал, Экологийн боловсролын төвийн багш Сүнжидмаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Дэлхийн үүсэл ба байгаль орчин” хичээлээ заалаа. Оролцогчид ЦУБХТ-ийн ажилтнуудын удирлаган дор хөгжилтэй тоглоом тоглож, амьтад, тэдний амьдрах орчин, хоол хүнсний талаарх мэдээллийг сонслоо. Тус хичээлээр дамжуулж хүүхдүүд зарим амьтад устах аюулд орсныг мэдэхээс гадна, одоо л хамгаалахгүй бол үлэг гүрвэлүүд шиг алга болж магадгүйг мэдэж авах юм. SPACES төслийн хүрээнд ой хээрийн түймрийн үеэр бүтээсэн хөдөлгөөнт видео клип, тусгай хамгаалалттай газар нутгаар аялагчдад зориулсан удирдамжийг сонирхууллаа. Оролцогчид 2023 оны 1-р сараас 6-р сарын хооронд цацагдаж эхлэх 26 ангит радио драмын цувралын эхний ангийг сонссон анхны хүмүүс болсондоо баяртай байлаа.

ZSL/Луужин байгууллагаас Баянхонгор аймгийн эко клубын хүүхдүүдийн бүтээсэн киног толилуулсан бол Ханнс Зайделийн сан ойн дагалдах бүтээгдэхүүний ашиглалтын хууль эрх зүйн орчны талаар видео хичээлийг орлоо. Экологийн цагдаагийн газраас бэлтгэсэн чонын амьдралын тухай видео бичлэг нь экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чонын ач тусын талаар мэдээлэл өгсөн зэрэг нь тус арга хэмжээний онцлох хэсгүүд байлаа.

Бусад оролцсон байгууллагууд гарын авлага, товхимол, сургалтын бүтээгдэхүүн зэрэг БОМСС-ны материалуудаа дэлгэн үзүүллээ. Завсарлагааны үеэр видео, кино гэх мэт дижитал материалыг том дэлгэцээр үзүүлж, харилцан туршлага солилцлоо. Хамгийн чухал нь оролцогчид БОМСС-ны чиглэлээр хэн юу хийж байгаагаа ярилцан олон нийтэд хэрхэн хүрэх тал дээр хамтран ажиллах талаар мэдээлэл солилцлоо.

Зохион байгуулагчид (ЦУБХТ, SPACES төсөл) болон төрийн байгууллагууд (Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Экологийн цагдаагийн газар), байгаль орчны төрийн бус байгууллагуудын төлөөлөл (ХТБХ, ZSL/Луужин), Хустай, Хан Хэнтий, Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутгийн ажилтнууд, төслүүд (UNDP ENSURE, KOICA-ийн Ногоон Азийн сүлжээ, НҮБ-ийн ХХААБ, МУИС-ийн Экологийн боловсролын төв, зэрэг байгууллагууд оролцлоо. 
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...